Тархвар зүйн мэдээлэл
Дэлхийн хэмжээнд 2010 онд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 285 саяд хүрнэ хэмээн тооцоолсон ба эдгээрийн талаас илүү хувь нь 20-60 насныханд тохиолдох магадлалтай байна. Чихрийн шижингийн нийт тохиолдолын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг. Чихрийн шижин хэвшинж 2 бүхий хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг байна. Чихрийн шижингийн урьдал байдал (предиабет) болон Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст ч зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
1950 онд Монгол улсад чихрийн шижинтэй өвчтөн бүртгэгдээгүй байсан бол нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилттой холбоотойгоор 1990 оноос чихрийн шижин хэвшинж 2-ын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байна. Глюкозын өөрчлөлт ба түүний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг анхны үндэсний хэмжээнд судалсан Ж.Сувд нарын 1999 оны судалгаанд Улаанбаатар хот, 4 аймгийн 35-с дээш насны 2996 хүмүүсийг хамруулсан ба чихрийн шижингийн тархалт 3.1%, глюкоз тэсвэржилт алдагдал 9.2% байсан.
Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор Монголчуудын дунд халдварын бус өвчний (ХБӨ) тархалт нэмэгдэж байна. 2005 онд хийгдсэн ХБӨ-ий тархалтыг тогтоох шаталсан судалгаагаар чихрийн шижин 8.2%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 12.2%, БСХШ 20.1% тус тус илэрсэн. 2009 онд хийгдсэн ХБӨ-ний хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5% байна. Дээрх судалгаануудаас үзэхэд Монгол улсад 60000-80000 хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай боловч албан ёсны дүн бүртгэлийн мэдээгээр, 2009 оны байдлаар 7000 орчим хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, мэргэжлийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Өөрөөр хэлбэл чихрийн шижингийн дөнгөж 10 гаруй хувийг эрт илрүүлж байна. Иймд чихрийн шижинг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна.
No comments:
Post a Comment