Saturday, April 16, 2011

Чихрийн шижин өвчин

Чихрийн шижин өвчин нь инсулины шүүрэл багасах эсвэл инсулины дааврын үйлдэл алдагдсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар  их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижин нь дотроо 2 төрөл байна.
  1. 1-р хэлбэрийн чихрийн шижин /Ихэвчлэн 35-аас доош насныханд тохиолдоно. Нийт өвчлөлийн 10-15%/
  2. 2-р хэлбэрийн чихрийн шижин /Таргалалтаас үүсдэг. Нийт өвчлөлийн 85-90%/

 1-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ хэлбэрийн чихрийн шижин өвчин нь халдвар болон удамшлаас шалтгаалан үүсдэг. Инсулин дааврыг нийлэгжүүлдэг B эс бүтцийн өөрчлөлтөнд орсны улмаас инсулиныг нийлэгжүүлж чадахгүй туйлын дутагдалд ордог. Энэ хэлбэрийн үед хэдхэн долоо хонгийн дотор турах, ам цангах, их шээх, арьс загатнах, арьс хуурайших шинжүүд илэрдэг.


2-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ хэлбэр нь таргалалтаас үүсдэг. Хүний идсэн хоол тэжээл нь бие махбодид задраад нүүрс ус /глюкоз/ болдог. Цусанд орсон глюкозыг нойр булчирхайгаас ялгарах инсулин хэмээх даавар эд эрхтэнд хүргэх үүргийг гүйцэтгэнэ. Ингэснээрээ хүний бие махбод глюкозыг шингээн авч бодисын солилцоо хэвийн явагдана. Их хоол идэх тусам бие махбодид очих глюкозын хэмжээ ихэснэ. Ихсэхийн хэрээр тэрхүү глюкозыг бие махбодид хүргэх инсулиныг ялгаруулахын тулд нойр булчирхайн B эс маш эрчимтэй ажиллана. Улмаар их идэж, таргалах тусам энэхүү байдал улам даамжирсаар тэрхүү эс үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Ингээд бие махбод инсулины дутагдалд орж хоол тэжээлээрээ авсан глюкозыг бие махбодид хүргэж чадахгүй болсноороо цусанд сахрын хэмжээ ихэснэ. 
Энэ хэлбэрийн чихрийн шижин хожуу оношлогдох нь элбэг. Эхэндээ ам их цангах, их шингэн зүйл их уух, их шээх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. 
Чихрийн шижинг оношлохдоо цусан дахь сахрын хэмжээг үндэслэн оношлодог. Сахрын хэмжээг үзэхдээ өлөн үеийнх, хоолны дараа, унтахын өмнөх үеүдийнхийг үздэг. Хүний цусан дахь сахрын хэмжээ нормондоо:
  • Өлөн үед- 5.0-5.5 ммоль/л
  • Хоолны дараа- <7.5 ммоль/л
  • Ундарын өмнө- 6.0-7.0 ммоль/л

Эмчилгээний ерөнхий зарчим
  1. Сургалт 
  2. Хоол
  3. Идэвхитэй хөдөлгөөн
  4. Сахар бууруулах эмийн эмчилгээ
  5. Инсулин эмчилгээ
 Хоолны хэрэглээ
 Зөвшөөрөх хоол
2-р гурил, хар талх, гурвалжин, хөц будаа, үхэр, хонь, гахай, тахианы өөхгүй мах, сүү, тараг, ааруул, ээдэм, байцаа, өргөст хэмх, улаан лооль, чихэргүй цай

Хориглох хоол
Дээд гурил, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, өөр тостой мах, утсан шарсан хиам, консерв, давсалсан бүтээгдэхүүн, айраг, хуурай сүү, өрөм, иогурт, шарсан хуурсан бүтээгдэхүүн, чихэр, шоколад, зайрмаг, газтай болон чихэртэй бүх төрлийн ундаа

Чихрийн шижингийн үеп хоолны хэрэглээгээ зөв сонгож, цусан дахь сахрын хэмжээгээ хянаад явах бүрэн боломжтой. Харин эс чадсан тохиолдолд олон төрлийн хүндрэлүүд гардаг.

Чихрийн шижингийн хүндрэл
  1. Чихрийн шижингийн ретинопати- нүдний торлог судасны эмгэгшил үүсч эцсийн шатандаа нүд сохроход хүргэдэг.
  2. Чихрийн шижингийн нефропати- бөөрний капиляр судасыг гэмтээснээрээ бөөрний архаг дутагдалд хүргэнэ.
  3. Зүрхний Ишеми өвчин- Зүрхний титэм судасны хатуурал үүсгэж улмаар зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалд хүргэнэ. 
  4. Чихрийн шижингийн хөлний хам шинж- Захын мэдрэл, артери, жижиг судасны өөрчлөлтийн улмаас шархлаат-үхжлийн эмгэг үүснэ. Хөлөнд шархлаа үүсч үхжил болон тайрахад ч хүргэнэ.





1 comment:

  1. Эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө авахаар бол tsahimemch@yahoo.com хаягаар хандаарай.
    http://www.facebook.com/tsahimemch

    ReplyDelete