ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна.
Өвчний тухай баримт мэдээллүүд:
- Эбола вирусын өвчин (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.
- Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай
- Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад бүртгэгдсэн.
- Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг.
- Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
- Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой.
- Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.
Өвчний шинж тэмдэг:
- Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
- Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
- Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.
- Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой.
- Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.
- Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна.
Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараахь зөвлөмжийг хүргэж байна.
- Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх.
- Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:
- Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;
- Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;
- Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;
- Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.
- Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.
- Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна
No comments:
Post a Comment