Monday, August 5, 2013

Хүнсний эслэг зохистой хооллолтын үндэс.

Хүнсний эслэг нь хүнсний ширхэгийн бүрэлдэхүүн ба таргалалт, чихрийн шижин, өтгөн хаталтын үед маш үр дүнтэй байдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн ялгаруулалтыг хурдасган, бүдүүн гэдсийг цэвэрлэж өтгөн хаталтаас сэргийлдэг. Эслэгийг ус болон хоол боловсруулах замд уусдаг ба уусдаггүй гэж ангилдаг. Уусдаггүй эслэг нь цусан дахь сахар, инсулины хэмжээг тохируулснаар тойруу замаар цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг. Мөн гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгаж бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулна. Уусдаггүй эслэг улаан буудайн хивэг, эрдэнэ шишийн хивэг, ногоон цэцэгт байцаанд агуулагддаг. Уусдаг ислэг нь цусан дахь холестриныг шууд бууруулна. Уусдаг эслэг овъёос, овъёосны хивэг, алим, буурцаг, гүзээлзгэнэ, жүржийн төрөл жимсэнд байдаг.

Дараах хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэх явцад эслэг /хүнсний ширхэг/ үгүй болно:


  • Ургамлын тосыг тунгаах
  • Чихрийн нишингээс үйлдвэрийн аргаар чихэр гаргаж авах үед ширхэг арилдаг
  • Үр тарианы бүтээгдэхүүн (эрдэнэ шиш, цагаан будаа, улаан буудай)-ийг тээрэмдэхэд гадна талын бүрхүүлд байдаг хүнсний ширхэгүүд  (эслэг) арилдаг.
  • Тээрэмдэж цэвэрлэгдсэн дээд гурилын ширхэг байхгүй болно.
  • Жимс, ногооны хальсыг цэвэрлэхэд эслэг нь хальсанд хамт хаягдана. Хальстай лийр, алим хальсгүйгээсээ 2-4 дахин их ширхэгтэй байдаг.

Эслэг хүний биед ямар ашигтай вэ?

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Ходоод, гэдсэнд орсон хоолыг хөөлгөж арвин болгосноор цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
  • Цөс хөөнө
  • Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.
  • Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.

Хүнсэнд эслэг дутагдвал:

Өтгөн хатах, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар үүсэх, шамбарам, судас хатуурах, чихрийн шижин, цөс чулуужих зэрэг өвчин, эмгэг үүсэх урьдчилсан нөхцөл болно.

Хүнсэндээ эслэгийг хэтрүүлэн хэрэглэвэл:

Бүдүүн гэдсэнд исэлдэлт их явагдсанаас хий дүүрч гэдэс дүүрэх шинж гарах ба уураг, тос, кальци, төмөр зэрэг эрдэс бодисын шимэгдэлт муудна. 
 
 

No comments:

Post a Comment