Saturday, July 21, 2012

Хүнсний эслэг



Эслэгийг хоолныхоо дэглэмд хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж та өмнө нь сонссон байх. Хүмүүс ихэнхдээ өтгөн хаталтаас сэргийлэх болон эмчлэх зорилгоор л хэрэглэдэг гэж мэддэг. Гэхдээ үүнээс гадна бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг, цусны холестеролын түвшинг бууруулдаг, хоолны дуршилыг бууруулж хэт их идэхээс сэргийлдэг гэх мэт бусад үүргүүдийн талаар сайн мэддэггүй. 

Хүнсний эслэг бол ургамлын найрлагад ордог, биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Эслэгийг уусдаг(пребиотик) болон уусдаггүй гэж ангилдаг. Уусдаг эслэг гэдэг нь бүдүүн гэдэсний хэвийн бактеруудын дуртай хоол бөгөөд бүдүүн гэдсэнд исэлдэж, хий болон физиологийн идэвхитэй завсрын бүтээгдэхүүнд хувирдаг бол уусдаггүй эслэг нь усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг намдаахад тусалдаг ба биед шимэгддэггүй.  

Цэвэршүүлсэн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд болох цагаан талх, гоймон, лаазалсан жимс, хүнсний ногоо нь эслэг багатай байдаг. Гурилыг боловсруулах явцад гаднах бүрхүүл болох эслэгийг нь зайлуулдаг. Үүнтэй адилаар жимс, ногооны хальсыг авахад мөн эслэгийн агууламж нь багасдаг. 

Хүнсний эслэгийг бид ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авдаг. Зарим ургамлууд уусдаг болон уусдаггүй эслэгүүдийг хамтад нь, тодорхой хэмжээгээр агуулж байдаг. Жишээ нь чавганы хальс нь уусдаггүй эслэгийг агуулдаг бол доторх зөөлөн жимс нь уусдаг эслэгийн эх сурвалж болдог. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овьёос, арвай, чавга, банана, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальс (psyllium seed)-анд агуулагддаг.
 Уусдаггүй эслэг нь бүхэл үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, эрдэнэ шишийн хивэг, самар, үр, төмсний хальс, маалинганы үр, хулуу, банана зэргийн найрлагад ордог.

Хүнсний эслэгийн хэд хэдэн төрлийн нэмэлт байдаг бөгөөд хоол боловсруулах замын зарим эмгэг, цусны холестеролыг бууруулах, бүдүүн гэдэсний хавдраас сэргийлэх, жин хасах зорилгоор хэрэглэдэг. Гадаадын орнуудад өтгөн хаталтын эсрэг хэрэглэгддэг гол эслэгийн нэмэлт нь psyllium seed буюу таван салааны үрийг боловсруулсан нэмэлт юм. Энэ нь уусдаггүй эслэг бөгөөд өтгөний хэмжээг нэмэгдүүлэх замаар өтгөн хаталтын эсрэг үйлдэлтэй байдаг. Гэхдээ хүнсний нэмэлтээс илүүтэйгээр байгалийн хүнсэнд байгаа хэлбэрээр хэрэглэх нь илүү сайн байдаг.

Эслэгийн гол үйлдэл нь хоол боловсруулах замын агууламжын найрлагыг өөрчилдөг. Уусдаг эслэг нь цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестеролын түвшинг бууруулдаг. Уусдаггүй эслэг нь чихрийн шижинтэй өвчнүүдэд цусны сахарыг зохицуулж, мөн чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна. Түүнчлэн хоолны эзлэхүүнийг нэмэгдүүлж, гэдэс дүүрсэн мэдрэмжийг өгснөөр хоолны дуршилыг бууруулдаг. үйлдэл үзүүлнэ. Эслэг ихтэй хоолны дэглэм нь бүдүүн гэдэсний хавдрын эрсдлийг бууруулдаг гэх мэт олон ач тустай. Өдөрт дунджаар 20-35 гр хэрэглэхийг зөвлөдөг ба доорх зөвлөмжийг хэрэгжүүлснээр өөрт хангалттай хэмжээний эслэгийг авах боломжтой юм.

Эслэг ихтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх явцад гэдсэнд хий ихээр үүсч, гэдэс дүүрч болно. Мөн эслэг ихтэй хоол ихээр идэж, шингэн бага уусантай холбоотойгоор өтгөн хатаж, түгжрэл үүсэж магадгүй. Тийм ч учраас бага багаар эслэгийнхээ хэмжээг нэмэгдүүлж, шингэн их уух нь дээрх гаж нөлөөнөөс сэргийлдэг.

Хүнсний эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд дараах зөвлөмжүүдийг баримтлаарай. 
  •  Цагаан гурилын бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүхэл үрийн, хар гурилын бүтээгдэхүүнээр солих хэрэгтэй. Цагаан талхны оронд хөх тарианы, хар гурилан талх идэж, цагаан гурилтай, элсэн чихэр ихтэй нарийн боовны оронд бүхэл үрийн, хар гурилынхыг сонгож, цагаан будааны оронд шар, гурвалжин, хөц будааг хэрэглэнэ. Монголд хар талх, нарийн боовнууд нилээд их зарагддаг болсон тул хайж олох тал дээр асуудалгүй юм. Аль болох цагаан өнгөнөөс татгалзаж, бараан өнгийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй.
  • Шинэхэн хэрчсэн хүнсний ногоонуудыг хоолондоо хэрэглэж байх. Лаазалсан, боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь эслэгийн агууламж багатай байдаг. 
  • Вандуй, шош, буурцгийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүх төрлийн хоолондоо нэмж байх.
  • Боломжтой бол бүх хоолныхоо хажуугаар алим, банана, жүрж, лийр болон бусад жимсгэнүүдийг нэмж хэрэглэх хэрэгтэй. Монголын нөхцөлд байгалийн гаралтай аньс, үхрийн нүд, хад, нэрс, чацаргана жимсийг буцалгах буюу шууд идэж болно. Гэхдээ шүүс бэлтгэхдээ хальсыг нь шүүхгүй байх хэрэгтэй. Хальсанд нь эслэг ихээр агуулагдаж байдаг. Намрын цагт дээрх жимсгэнүүдийг авч, хөлдөөж, өвөл, хавар, зуны турш хэрэглэж болно.
  • Ямар нэгэн амттай юм идэхийг хүсвэл хатаасан, шинэхэн жимс, тослог багатай эрдэнэ шиш зэргийг сонговол тустай.

эх сурвалж: natmedmn.blogspot.com

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ М.Шагдарсүрэн: Бүхнийг амжуулдаг ганцхан нууц надад бий



Шагдарсүрэн эмчийн Маналжавын гэсэн эцгийнх нь нэрийн өмнө “Элэгний” хэмээх тодотгол хамт явдаг. Учир нь энэ өвчнөөр өвдөж, шаналсан олон хүн түүнд үзүүлбэл эдгэрнэ гэж найддаг болоод тэр.  Энэ хүний нэрийн өмнө үүнээс өөр, олон цол гуншин дагалдана. М.Шагдарсүрэн эмч  Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор цолтой. Мөн МЗЭ, МОЭ-ийн гишүүн. МОЭ-ийн дуун хөрвүүлэгч шагналтай.  Хийж, бүтээсэн зүйл ихтой энэ хүн дүрсийн оношлол, судасны мэс заслын эмч. Тэрбээр  30 гаруй жил хүний их эмчээр ажиллаж байгаа нэгэн. Тиймээс “Эрүүл мэндийн мэдээ” сонин энэ удаагийнхаа дугаарын зочноор Монгол Улсын гавьяат эмч М.Шагдарсүрэнг урилаа.   

-Хүмүүс таныг “Элэгний” Шагдарсүрэн гэдэг. Хэзээ­нээс ингэж дууддаг болсон бэ?
-Нэг л мэдэхэд ийм нэртэй болчихсон байсан. Сайхан л санагддаг юм. Хийж байгаа ажлаараа овоглуулна гэдэг сайхан юм билээ. Би эмч мэргэжил эзэмшсэнээсээ хойш 30 гаруй жил  ажиллачихаж. Социализмын үеийн эмч болохоор төгсөөд л эх орны хэрэгтэй газар буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын эмнэлэг рүү явсан юм. Тэнд жил гаруй ажиллаад, аймагт татаг­дан ирж, мэс заслын эмчээрээ ажилласан. Тэнд янз бүрийн л хагалгаанд орж байлаа. Дараа нь хотод шилжин ирж, Кли­никийн III эм¬нэлгийн зүрх судасны мэс зас­лын тасгийн эрхлэгч, эмч хийж, АУИС-д багшилж, одоо “Шагдарсүрэн” эмнэлгийнхээ захирлыг хийж байна

-Таныг ажлынхаа хажуугаар орчуулга хийдэг гэж сонссон. Эмнэлгийн үүдэнд дугаарласан хүмүүсийг харвал зав гардаггүй юм шиг. Эмчлэх, орчуулах ажлынхаа алинд нь илүү цаг зарцуулдаг вэ?
-Мэдээж, эмчлэх ажилдаа өдрийн ихэнхийг зориулдаг. Зарим хүн надаас асуудаг юм. “Хэдийдээ хүнээ үзэж, хагалгаа хийж, хэдийдээ хөрвүүлж орчуулдаг юм бэ” гэж. Хаана урилга, заллага байна, тэнд би амжаад л очно. Энэ бүхнийг амжуулдаг ганцхан нууц надад бий. Би оюутан байхаасаа өглөө таван цагаас хойш босч, орой 12 цагаас өмнө унтаж үзээгүй  хүн. Хүн өдөрт таван цаг унтаад сурчихдаг юм билээ. Оюутан байхдаа маш идэвхтэй байлаа. “Оюутан гэдэг багшийн заасныг чихдэг сав биш. Харин дүрэлзэн асдаг бамбар байх ёстой” гэж манай нэг багш хэлж билээ. Тиймээс урагшаа л явах хэрэгтэй юм байна хэмээн ойлгосон хэрэг.

-Таныг  мэс заслын эмч гэж сонссон. Хэзээнээс “Элэг” сонирхож, энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
- Би оюутан ахуй цагтаа эрдэм шинжилгээний хуралд “Элэгний циррозын үед даралт ихсэх нь” сэдвээр илтгэл тавьж байлаа. Уг нь би мэс заслын эмч. Зүрх судсыг сонирхон судалж байсан юм. Гэтэл надад ховорхон аз тохиож Японы Цүкүбагийн их сургуульд япон хэлний бэлтгэлд суралцаж, Токиогийн Икашика их сургуульд суралцсан юм.  Японд байхдаа тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг дагаж элэгний өвчнийг судсаар оношлох, эмчлэх аргад суралцсан. 

-Манай сонин энэ удаагийнхаа дугаарт элэгний өвчлөл, тэр дундаа хүн амын дунд өвчлөл өндөртэй байгаа элэгний хорт хавдрын тухай ярилцах гэж  таныг зорьж ирсэн юм. Элэгний хавдар хэдийнээс үүсэлтэй юм бэ?
-Дорно дахинд яст мэлхийн хуяган дээр хавдар гэсэн үг ханз үсгээр сийлээстэй байсан гэдэг. Тэгэхээр элэгний өвчнийг дээр үеэс үүсэлтэй гэж үзэж болно. 

-Элэгний хорт хавдрыг  манайхан эмчилгээгүй өвчин гэдэг?
-Элэгний олон төрлийн өвчин байдаг л даа.  Тэр дундаа  элэгний хорт хавдар хамгийн аюултай өвчин.  Эрт илрүүлж, эмчлэхгүй бол эмчилгээгүй өвчний тоонд ордог. Элэгний хорт хавдар манай улсад элбэг тохиолдож байна. ДЭМБ-ын мэдээгээр хавдрыг бага, дунд, элбэг тохиолддог гэж бүсчлэн хуваахад манай улс элбэг тохиолддог бүсэд орсон. Өөрөөр хэлбэл, элэгний өвчлөлөөр Африкийн зарим орнуудын дараа орж байна. Энэ өвчин нь Азийн орнуудад элбэг бол АНУ, Европын орнуудад 100 мянган хүнд 2-3 удаа тохиолдож байх жишээтэй.

-Элэгний хорт хавдар элбэг тохиолдож байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Шалтгаан нь олон л доо. Олон төрлийн вирусын үрэвсэл гэж ярьдаг. А, В, С D гэх мэт вирусаар өвдөөд сайн эмчлүүлэхгүй хүндрүүлчихдэг. Мөн хордлого, архидалт их байна. Архидалт явсаар элэгний үрэвсэл, хатуурал үүсгэдэг. Элэгний хатуу¬рал хавдар болж хүндрэх нь бий. Манайхан нэг үе вируст гепатит (шар)-аар их өвчилсөн. Үүнийгээ сайн эмчлүүлэхгүй бай¬саар элэгний хатуурал, тэр нь 20-30 жилийн дараа хавдар болчихдог.

-Энэ өвчнөөр өвчлөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хавдрын эхэн үе шинж тэмдэг багатай. Гол шинж нь шалтгаангүй бие суларч ядрах, сүүлдээ хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, гэдэс хэвлий дүүрэх, цанхайх зэрэг шинж тэмдэг мэдэгддэг. Цаашилбал гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, турж эцэх, царай харлах, гарын алга улайх, нүдний цагаан шарлах шинж илэрнэ. Хүмүүс ихэвчлэн зовиуртай болсон үедээ эмчид ханддаг. Гэтэл зовиур илэрсэн үед эмчилгээ оройтсон байдаг. Ер нь хэт авиа буюу эхо-гоор 0,5 хэмжээтэй хавдрыг илрүүлж болдог. Мөн цусан дахь альфафетопротейн гэдэг уургийг шинжилж илрүүлдэг. Тэ¬гэхээр хавдрыг хүнд¬рэ¬хээс нь өмнө илрүүлэх боломжтой юм.

-Хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэнэ биз дээ?
-Боломжтой гэж үздэг. Мэс заслаар, туяагаар шарах гэх мэтчилэн янз бүрийн арга бий. Миний хувьд хавдрын дунд үед нь судсан дотуур хавдрыг тэжээх судсыг тусгай бодисоор, бөглөдөг аргаар эмчилж байна. 

-Сүүлиин үед хавдрын өвчлөл залуужиж байна гэж ярьдаг болсон. Хавдар үүсэх олон шалтгаан байдаг ч хүмүүсийн мэдэж байгаа шалтгаанаас дурдахгүй юу?
-Хорт хавдар үүсгэдэг олон шалтгаан бий. Тухайлбал, тамхи татдаг хүн уушигны хавдраар өвчилдөг бол, машины утаа, угаар хавдар үүсгэгч бодист багтдаг. Мөн  хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Архи гэхэд ходоод, гэдэс, элэг, дайвар булчирхай, хөхний хавдрын шалтгаан гэж үздэг бол архи, тамхи нийлэхээрээ хавдар үүсгэх чадварыг улам ихэсгэдэг. Мөн эд эрхтнээ химийн бодисоор цочроогоод байвал хавдар үүсэх зүйл идэж уувал ходоод, улаан хоолойн өвчин үүснэ. Орчны химийн нөлөө, агаар, усны бохирдол ч хавдар үүсгэх шалтгаан болж байна.

-Тэгвэл элэгний хорт хавдраар эрчүүд илүүтэй өвчилдөг нь  архидалттай холбоотой байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Мэдээж эрчүүдийн ууж, иддэгтэй холбоотой. Архи хэтрүүлж хэрэглээд элгээ гэмтээдэг. 

-Хүмүүс сайн чанарын цэвэр архи элгэнд хоргүй гэж ярьдаг. Зарим нь архинаас шар айраг нь дээр ч гэдэг. Ялгаагүй элгийг гэмтээх үү?
-Ялгаагүй ээ. Шар айр¬гийг олон жилийн турш хэтрүүлэн хэрэглэвэл элэгний циррозтой болно.

-Архи уугаад шартах нь элгэнд өөрчлөлт орсны шинж үү?
-Энэ бол элэгний хурц үрэвсэл, хордлогын шинж. Уусан архийг элэг шүүж чадахгүй, хордлогонд орж байна гэсэн үг. Хурц үрэвсэл яваандаа архагшина. Тэгээд дарс уухгүй, эрүүл ахуйн дэглэмийг сахиад явбал элэгний үрэвсэл бүхэн хатуурал хавдар болохгүй. 

-Сонирхож асуухад хүүхдүүд элэгний хавдраар өвчилдөг үү?
-Ховор, цөөн тохиолдоно. 

-Тарган эрчүүд  элэг өөхөлсөн гэж ярих юм билээ. Энэ нь амь   насанд   халтай  өвчин үү?
-Элэг таргалснаас өөхөлдөггүй юм. Хэт авианы шинжилгээгээр харахад элэг цайруу   өнгөтэй харагддаг юм. Амь наснаас холуур өвчин л дөө.

-Манайхан гадаадад явж эмчлүүлэх сонирхолтой байдаг. Элэгний өвч¬нийг дотооддоо оношлох, эмчлэх боломж хэр байна вэ?
-Манайхан элэгний эмчилгээг гайгүй хийж байгаа. Гэхдээ нэг дутагдал бий. Мэдээж багаж, төхөөрөмжийн дутагдалтай. Оношлогооны багаж, төхөөрөмжөөр Хятадын хаана ч хүрэхгүй. Жишээ нь бүх эрхтэний дүрсийн оношлогооны  “МК1”  гэ¬дэг аппарат улсын хэмжээнд ганц ширхэг алга. Гэтэл Хятадын захын хотод байна шүү дээ. Уг нь манай эмч нар мэрийлттэй. Даанч аппарат нь дэндүү хоцрогдож. 
Эмч нар бид сэтгэл гаргаж, хүчээ дайчлан ард түмний эрүүл мэнд, тэр тусмаа элэгний өвчинтэй чадлынхаа хэрээр тэмцэж байна. 30 гаруй жил эмч хийхэд төр засгаас дэмжлэг алга. Би УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт бичсэн. Өнөөдрийн хувийн эмнэлгүүд өөрийн гэсэн байр, багаж, тоног төхөөрөмжгүй, зээлд ерөөсөө хамрагддаггүй. Тухайлбал, сайн байр, багажтай болъё гэхэд хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй. Өөрийн гэсэн байр, багажтай байж оношоо зөв тодорхойлж, эмчилгээгээ сайн хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Зөвхөн сонгууль гэхээр улс төржөөд намчирхаж явдгаа болимоор байна. 

-Жил ирэх тусам хавдрын өвчлөл нэмэгдээд л байдаг. Харин улсаас энэ талаар хийж, хэрэгжүүлсэн зүйлгүй суугаад л байдаг. Энэ тухай та эмч хүний хувьд юу гэж боддог вэ?
-Болдогсон бол ирэх сонгуульд жинхэнэ сэтгэлтэй, эрдэмтэй, Монголын төлөө зүтгэх охид, хөвгүүдийг гаргах юмсан. Тэгэхгүй бол улс орон чинь хачин байдалд орлоо. Ганцхан эрүүлийг хамгаалах салбар ч биш бүх салбар ийм байдалд орсон. Үүнийг бодохгүй бол үнэхээр болохоо байжээ гэдгийг хэлмээр байна. Төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Шинжлэх ухааныг хөгжүүлэх, элэгний өвчнийг багасгахад тийм хүч, хөрөнгө, зөв бодлого хэрэгтэй болохоос бус хэчнээн ч алтан толгой байгаад гартаа мөнгөгүй бол юу хийх вэ.

-Тэгэхээр хүмүүс өөрөө өөртөө л анхаарал хандуулах хэрэгтэй байх. Элэгний өвчнөө хүндрүүлэхгүйн тулд иргэд яах ёстой вэ?
-Аль болох өвчлөхгүй байх шалтгаануудыг нь мэдэж сэргийлдэг байх ёстой. Хүмүүст жаахан ч гэсэн эрүүл мэндийн боловсрол хэрэгтэй байна. Зарим вирусээс хамгаалдаг вакцин гарсан. Энэ вакциныг хэд хэдэн насанд яаж хийдгийг мэдэж байх хэрэгтэй. Вирусын эсрэг тариаг Халдварт өвчнийг судлах газар болон нийгмийн эрүүл ахуйн институтэд хийлгэж болно. Би улсын ажил хийдэггүй болохоор үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх вакцинуудыг хийлгэх хэрэгтэй. Архи дарс хэтрүүлэн уух, зарим хоол элгийг үрэвсүүлдэг. Элгэнд лууван, хүрэн манжин болон янз бүрийн ногоонууд сайн. Элэгний талаар олон жил ажилласан эмч, мэргэшсэн мэргэжилтэн олон байна. Би одоо ядрах тал руугаа орж байна. Ямар ч зүйлд хэмжээ, хязгаар байдаг. Биднийг тэр хэмжээнд тултал явуулж байна шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн эрүүл мэндийн салбарыг яаж удирддаг юм бэ. Дэндүү хоцрогдож байна.

-Элгэнд сайн ямар хоол хүнс байна?
-Витаминлаг ногоо, цагаан идээ чухал. Жимс ногооноос гэхэд тарвас, гадил, усаи үзэм, байцаа, лууван байна. Мөн сүү, цагаан идээ, цагаан будаа ч зүгээр. Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хэ¬рэгтэй.

-Зуны улиралд хүмүүс рашаан, сувилал энэ тэр гээд идэж, уух, биеэ эмчлүүлэх гээд нэлээд анхаарал хандуулдаг. Цагаан идээ ч түлхүү хэрэглэдэг. Гүүний саамыг элгэнд сайн гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яах вэ дээ намдуухан үед нь хоол тэжээлийн зүйл болохоос элэгний үрэвслийг зогсоох, элэгний хавдрыг эмчилдэг зүйл биш..



Сармис 22 төрлийн өвчинд тустай



Хүмүүс бидний өдөр тутмын хоолны орцонд олон төрлийн ногоо амтлах үүрэгтэй ордог. Тэднээс хүний бие махбодид сайн нөлөө үзүүлж, бүр эмчилгээний үүрэг гүйцэтгэдгээрээ сармис өдгөө өрнө, дорнын анагаах ухааны эрдэмтдийн судалгааны обьект болон хувирчээ. Гэхдээ сармисны анагаах чадварыг эртний хүмүүс ч бас өөрсдийн хэмжээнд танин мэдэж хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй.

Тухайлбал, эртний нэгэн домогт сармисыг газарт унасан мөнхийн рашааны хэлтэрхий хэмээн үнэлж байсан бол Египетийн үйсэн дээрх бичээст "Сармис бол 22 төрлийн өвчинд тустай" гэж бичжээ. Гэхдээ Төв Азиас гаралтай "шидтэн" гэдгийг энд тодотгох хэрэгтэй л дээ. Энэ тухай Уламжлалт анагаахын шинжлэх ухаан-технологийн үйлдвэрлэлийн корпорацийн эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Самбуудоржтой ярилцлаа. Тэрбээр  "Сармисны тосон эмийг судасны хатуурал өвчний эмгэг загвар дээр судалсан нь" сэдвээр анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан юм.

Сармиснаас тос гардаг юм уу?

Технологийн маш өндөр түвшинд гаргаж авдаг. Одоо Герман, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сармиснаас тусгай технологиор тосыг нь ялгаж аваад "Сармисны тосон үрэл" гэж нэрлээд худалдаж байна. Одоо түүнийг дэлхий дахинд ургамлын алт гэж нэрлэж байгаа.

Тосыг нь яаж гаргаж авдаг юм бол?

Сармисны тосон эм гэдэг нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг нэгэн жор л доо. Найрлагандаа сармис болон сарлагийн тос агуулдаг юм.

Бэлэн жор гэх гээд байна уу?

Тийм ээ. Монгол эмнэлэгт бол шар тосыг идээний охь манлай гэж нэрлэдэг. Зүрхний тамир сайжруулан, уушгины хатингарыг арилгаж, үс гэзгийг шимжүүлж, царай зүс өнгөжүүлж, насан хутгийг уртасгах чадвартай гэж үздэг байжээ. Сармис бол маш олон төрлийн өвчинд тустай. Хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухаанд тулгамдсан асуудал болоод байгаа судасны хатуурал өвчинд бол бүр ч тустай нь бидний судалгааны туршилтаар батлагдсан. Харин сармисны тосон эмийг анагаах ухаанд хий давамгайлсан ахимаг настай хүмүүст зүрх болон гол судлын хий өвчинд хэрэглэдэг.

Яаж тэр вэ?

Туулайд туршилт хийсэн. Холестриноор судасны хатуурал өвчний эмгэг загвар үүсгээд, сармисны тосон эмээ уулгахад цусны сийвэн дэх тослог бодисын хэмжээ нь буурч байсан. Мэдээж харьцуулалт хийсэн л дээ.

Хүмүүс хэзээ хэрэглэх вэ?

Маш олон туршилтыг туулдаг учраас яг тодорхой хугацаа хэлэхэд хэцүү.

Энгийн ахуйн асуулт асууя л даа. Сармистай хоол идэхэд амттай байдаг хэрнээ үнэрийг нь дарахад хэцүү байдаг?

Бохь зажлах хэрэгтэй л дээ.

Барьж байгаад идчихсний дараа ямар ч бохинд дарагддаггүй. Бүр цаанаас үнэртээд байх шиг санагддаг. Ходоод ямар бохь зажлах биш дээ?

Тэгвэл сүү уух хэрэгтэй. Бас яншуй, гоньд, гаа, ганга өвс зэргийг зажилж болно.

Ер нь сармисны тэр үнэрийг нь ялгаад, эмчлэх чадвар бүхий агуулсан бодисыг нь ялгаж бэлдмэл хийж болох уу?

Хамгийн гол нь үнэрийг нь ялгаруулдаг аллин гэдэг эфирийн тос л эмчилгээний гайхалтай чадварыг үзүүлээд байгаа юм. Жижиг хэрчихэд алиназа гэдэг ферментийн нөлөөгөөр аллицин гэдэг бодис үүсдэг. Энэ нь халдварын эсрэг, бактерийг устгах чадвартай.

Бараг спиртийн оронд хэрэглэж болох юм биш үү?

Дэлхийн нэгдүгээр дайны үед шархадсан цэргүүдийг сармис л шархны халдвараас сэргийлж чадсан. Сармисны найрлаган дахь хүхрийн халдваргүйжүүлэх чанарыг хамгийн анх Ромын эм зүйч Диоскрид нээж байсан түүхтэй. Харин бактери устгах чадварыг нь 1858 онд Пастер нээсэн. Тэр бол вакцинжуулалтыг нээж, микробиологийн шинжлэх ухааны үндсийг тавьсан эрдэмтэн л дээ. Менингит өвчнөөр өвчилсөн хүмүүсийн зовиурыг сармис хөнгөвчилж байгааг ч Хятадын эрдэмтэд ажиглажээ.

Тэгвэл байнга хэрэглэж баймаар юм байна?

Сармис байнга хэрэглэдэг хүн ходоодны хорт хавдраар ерөөсөө өвчилдөггүй. Бас ханиад томуунаас хол явдаг. Египетийн пирамидыг барьсан хүмүүст өдөр бур арвайн будаагаар хийсэн нэг л төрлийн хоол өгдөг байсан авч сармисаар амталдаг байсан тул халдварт өвчин ер тусаагүй гэдэг.

Биеийн дархлаа сайжруулдаг юм байна л ээ?

Тийм ээ. Эмч нар зүрх өвдлөө гэхэд кали агуулсан эм, харшил, ханиад хүрлээ гэхэд кальци агуулсан эм, цус багадлаа гэхэд төмрийн бэлдмэлтэй эм бичиж өгдөг шүү дээ. Тэгвэл сармисны ганцхан хумсанд энэ бүхнийг орлох элементүүд бүгд бий.

Аргагүй л ургамлын алтан үрэл юм даа?

Хүний оюун ухааныг сайжруулах, сэтгэхүйн профессыг идэвхжүүлэх, гоо сайхныг хадгалж, биеийн жинг хэвийн хэмжээнд барихаас гадна залуужуулах үйлчилгээтэй. ЮНЕСКО-гийн хайгуулын багийнхан Түвдийн сүмд анх зочлохдоо нээсэн "Сармисны спиртэн ханд" нэртэй залуужуулах бэлдмэл бий шүү дээ. 350 грамм сармисыг жижиглэж хэрчээд няцална. Эндээс 200 грамм шүүс ялгаж аваад, 96 градусын 200 грамм спирттэй холиод харанхуй сэрүүн газар 10 хоног хадгалаад хэрэглэдэг юм.

Тусгай дэг жаяг барих уу?

Арван нэгэн өдрийн турш өглөө, өдөр, орой тус бүр тоо өгсөх буюу буурах тодорхой давтамжтайгаар ууна. Тэгэхдээ заавал аравдугаар сарын нэгэнд эхлээд, дөрөвдүгээр сарын 30-нд дуусгадаг зарчимтай. Тэгэхдээ хоолноос 15-20 минутын өмнө 50 грамм сүүгээр даруулж уух ёстой юм шүү.

Давтамж нь яаж үргэлжлэх вэ?

Таван жилд нэг удаа хэрэглэж болно.

Архи үйлдвэрлэдэг компаниуд анхааралдаа авч болох нь ээ?

Зүүнхараад хийж байгаа гэсэн шүү.

Хэтэрхий хэрэглээ болоод хувирчихвал нийгэмд адал явдал нэмэхэд сармис өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг нь дээ бас?

ХҮШ зууны үед Марсель хотод тахал өвчин дэлгэрч л дээ. Гэтэл тахал өвчинд нэрвэгдсэн айлуудыг тонон дээрэмддэг хулгайч нарын бүлэг үүсч, нийгэмд айдас төрүүлж байжээ. Тахалтай айлын эд юмсыг дээрэмдэгсдэд яагаад тахал  тусахгүй байна вэ гэж. Гэтэл хулгайч нар сармисны хумсыг хуучин дарсанд хийж бэлтгэсэн хандаа чулуун домбонд юүлж, хулгайгаа хийхийн өмнө амаа зайлж, гараа угааж бас амсдаг байсан гэдэг. Хулгайч нар шүүхийн өмнө энэ аргаа хэлснээр ял нь хөнгөрсөн гэдэг юм шүү. Тахлаар өвдөх болоод өвдсөн олон мянган хүнд тустай арга хэлсэн учраас Марсель хотынхон ч ийм аргаар тахлын аюулыг харьцангуй бага эрсдэлтэй давж байжээ.

Тэгвэл энэ айхтар халдварт томуу өвчнөөс айх хэрэг байхгүй юм биш үү?

Үүнийг яг тийм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хүн сармисыг идэлгүйгээр хадаасандаа юмуу, цүнхэндээ хийгээд явж байх ч тустай л гэдэг юм.

Яг юунд илүү тустай вэ?

Эртний домогт сармис хорт муу нөлөөллийг түлхэн унагадаг гэж бичсэн байдаг. Хүний орчин тойронд нүдэнд харагддаггүй био энергийг бий болгодог шидтэй юм байна л даа, сармис.

Бараг үнэртэн зохиочихмоор юм биш үү?

Английн Лондон хотод зөвхөн сармисны мэдээллийн төв гэж байдаг. Германы Берлинд сармисны олон улсын симпозиум хүртэл болдог.

Симпозиум гэнэ ээ?

Тийм ээ. Бас Английн Гилроу гэдэг хотод жил бүр маш их сармис хураагаад сармисны их наадам ч болдог.

Наадмаар тэгээд ямар үйл явдал болдог юм бол?

Англичууд сармисаар зайрмаг хийж, сармисны миссийг хүртэл шалгаруулдаг гэж байгаа. Одоо дэлхийд зөвхөн сармис судалдаг 2250 байгууллага байдаг.

Тэгвэл бараг сармиснаас нээлт төрдөг байх нь ээ?

Хэд хэдэн нээлт хийсэн. Хавдрын эсрэг үйлчилгээтэй германий гэдэг бодис сармисанд байдгийг илрүүлсэн. Ер нь химийн судалгаа маш их хийсэн. Хүн орхойдоотой бараг адил эмчилгээний чадавхтай болохыг нь шинжлэх ухаан тодорхойлсон.

Сармисыг байнга хэрэглэж болох хамгийн энгийн жорыг хэлж өгөөч?

100 грамм маслонд 2-3 хумс байхаар бодож, хамтад нь машиндаад хэрэглэж болно. Газрын дундад тэнгисийн хүмүүс хүнсэндээ байнга сармистай масло хэрэглэдэг юм билээ. Тэдний цусанд холестрины хэмжээ сармис бага хэрэглэдэг европынхныг бодвол бага байдаг. Мөн судасны хатуурал өвчинд нэрвэгддэггүй. Зүрх өвдөх үед сармисны нэг хумсыг бүтнээр нь залгих сайн гэж эмийн номонд бичсэн байдаг. Бас ямар ч хэлбэрийн даралт ихэссэн үед хоёр хумс сармисыг унтахынхаа өмнө идэх сайн гэдэг. Хоолны хордлогын үед бол сармисны хоёр аяга ханд бэлтгэж уух хэрэгтэй.

Эх сурвалж:  МОНЦАМЭ

Tuesday, May 1, 2012

ГАХАЙН ХАВДАР ӨВЧНИЙ ТАЛААР ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


ГАХАЙН ХАВДАР ӨВЧНИЙ ТАЛААР ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гахайн хавдар өвчний талаар
Баримтлах зарчим
Гахайн хавдар нь шүүгдэгч вирусээр үүсгэгддэг, булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг өвчин юм.
Уг өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд, өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга халбага, тоглоом зэргээр халдварлана.
Ихэвчлэн 4-15 насны хүүхдүүд өвчилнө.
Халдвар авснаас хойш 11-23 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг.
Өвчний эхэн үед 38-39˚С хүртэл халуурах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд чихний арын, чихний ойролцоох, эрүүн доорх булчирхайнууд нэг юмуу хоёр талдаа хавдаж, эмзэглэж болно.
Хүүхдийн нас, биеийн онцлогоос  хамаарч хэд хэдэн булчирхайлаг эрхтнийг гэмтээж хүнд явцтай явагддаг.  Энэ үед заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.
Тухайлбал:
  • Төмсөгний үрэвсэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Хөхний үрэвсэл
  • Менингит
  • Миокардит
  • Бөөрний үрэвсэл
Хэвтрийн дэглэм
  • Шингэн зүйл сайн уулгах
  • Нас,биеийн онцлогт тохируулан  витаминаар баялаг,чанартай, хагас шингэн хоол  унд өгнө
Хориглох хоол– өөх тос ихтэй, хуурсан шарсан хурц хоол, шоколад, өнгөтэй ундаа, халуун ногоо зэргийг хориглоно.
Эмчилгээ:
  • Хөнгөн хэлбэрийн үед гэрээр өрхийн эмчийн хяналтанд эмчилж болно.
  • Эмийн эмчилгээг эмчийн хяналтанд хийнэ.
  • Биеийн эсэргүүцэл сайжруулах витаминууд
  • Амыг  фурациллин, тамидин 0,7% уусмалаар зайлуулах
  • Бүлээн жин /чих орчмын хаванд/
Хүндрэлийн шинжүүд:  / огиж бөөлжих, толгой өвдөж эргэх, чих шуугих, ухаан балартах, ухаан алдах, чих орчмын хаван хацар, хүзүү рүү томорч хавдах, төмсөг хавдах, 3-аас дээш хоног үргэлжлэн халуурах, жирэмсэн, суурь хүнд өвчтэй г.м/ гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Гахайн хавдраар өвдсөн хүнийг бусад хүмүүсээс 10-20 хоног тусгаарлана.
Гэртээ болон өрөөндөө  агаар салхи оруулж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа хийх ёстой. 

Friday, March 23, 2012

Парацетамол гэж ямар эм бэ?

Энэ эм нь өвчин намдаах ба халуун бууруулах үйлчилгээтэй. Толгой өвдөх сарын тэмдгийн үед ууц нуруугаар хөших зэрэг зөөлөн өвдөлтийг дарахын тулд хэрэглэдэг элбэг олдоцтой, харьцангуй хямд эм юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд ба хөхүүл эхчүүд хүүхдэд хэрэглэхэд хор аюулгүй боловч өндөр тунгаар их хэрэглэвэл элэг хордуулж хордлогод гепатит үүсдэг болох нь тогтоогдсон. Мөн архи ууж буй үед болон архинаас шартсан үед хэрэглэж болохгүй. Элэг ба бөөрний архаг эмгэгтэй хүнд энэ эмийг хэрэглэхийг хориглодог.
Өөр өөр худалдааны нэрээр худалдаалагдаж байдаг олон нэрийн парацетамолыг таньж мэдэхгүй улмаас давхцуулан хэрэглэж эмийн хордлогод орох тохиолдол гардаг.
Тухайлбал: Манай оронд парацетамол 20 гаруй өөр нэршлээр худалдаалагдаж байгаагийн заримыг нь дор жагсаан бичлээ. Үүнд: минигрипп, миксагрипп, миксафлу, терафлу, тиленол, алкафен насал, снип, цитрамон-П, фервекс, филко-пара, цефекен-Д, далерон, ринколд, седалгин-нео, эффералгин коулд, колдакмин, саридон гэх мэт байна.
Та эдгээр бүх нэрийг тогтоох боломжгүй, тэгэх хэрэг ч үгүй бөгөөд санамсаргүйгээр давхардуулан худалдан авч хэрэглэхгүй тулд эмийн хайрцаг дээр байдаг олон улсын нэршлийг уншаад сурчихад л хангалттай.

Thursday, March 22, 2012

Хеликобактери гэж юу вэ?

      Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
        Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна  ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.
 Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70% нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Өндөр хөгжилтэй Америкт ойролцоогоор 25 сая хүн ходоод гэдэсний шархлаа өвчинтэй гэнэ. Жил бүр 500,000-850,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ 2-р байранд ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. Ходоодны хортой хавдрын 70-90% нь Хеликобактери пилоритой хавсарсан байдаг.
      Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчүүлэх шаардлагатай.Хеликобактерийг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна.Хеликобактерийн ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсэгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.
 1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14%-д л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг 3 эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ 3-сан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.
     Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.
     Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.

Monday, March 19, 2012

Жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ


Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ
Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.

Жирэмсний хяналтанд эрт орсноор :
· Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
· Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
· Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
· Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.

 Ямар шинжилгээ өгөх вэ?
Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, судасны цус, үрээний наац буюу мозокын шинжилгээ авна.
  • Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж, ургийн өсөлтийг тодорхойлно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд биеийн жин 10 кг орчим буюу 7 хоног тутам 300-500 гр нэмэгддэг. Харин жирэмний сүүлийн 3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь та болон таны хүүхдэд ноцтой аюул учруулахгүй.
  • Шээсний шинжилгээгээр сахарыг хэмжсэнээр чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх ач холбогдолтой ба хэрэв танд чихрийн шижин өвчин илэрвэл та дотрын эмчийн хяналтанд давхар байх хэрэгтэй. Уураг тодорхойлсноор бөөрний үйл ажиллагааг үнэлнэ.
  • Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэх, үрэвсэл, элэг бөөрний үйл ажиллагаа, ДОХ-ийн шинжилгээ болон бусад үзүүлэлтүүдийг хянаж үздэг.
  • Мөн жирэмсэн болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлгийг тодорхойлдог. Шаардлагтай бол эхийн резус сөрөг байгаа эсэхийг үзнэ. Цусны шинжилгээнд ямар ямар үзүүлэлтүүдийг үзэхийг тухайн хүний биеийн байдлаас хамаарч хийнэ.
  • Үтрээний наац буюу мозокоор үтрээний үрэвсэл, БЗХӨ-ийг илрүүлнэ.
  • Дотуур болон гадуур үзлэгээр жирэмсний хугацаа, ургийн байрлалыг тодорхойлно.
  • Флюрография буюу цээжний рентген зургаар уушигний эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.
  • Эхогоор ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, гаж хөгжил байгаа эсэх болон ургийн ус, ихэс, хүйн байдалд үнэлгээ өгнө. Мөн дотор эрхтнүүдийн байдалд үнэлгээ өгнө.
  • Шүд, нүд, чих хамар хоолой, дотор, мэс засал, халдварт гээд бусад нарийн мэргэжлийн эмчид мөн үзүүлдэг.
  • Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний, болон төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс сэргийлж чадна.

Хэрвээ ТА:
  • - 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай,
  • - 5-аас дээш удаа төрсөн,
  • - бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй,
  • - эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй (зүрх судас, бөөрний эмгэгууд, цусны даралт ихсэх гэх мэт )
  • - өмнөх жирэмслэлт, төрөх, төрсний дараах үед хүндэрч байсан,
  • - хоол тэжээлийн дутагдалтай байвал, зулбаж байсан,
  • - олон удаа ур хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үед хүндрэх,
  • - амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байна.


Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:
Эдгээр шинжүүд нь таны олоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.
  • - Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
  • - Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
  • - Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
  • - Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах