Sunday, August 19, 2012

Тамхи ба таны эрүүл мэнд



Хараа-Тамхи татдаг хүмүүсийн нүдний хараа эрс муудсанаар өнгө ялгахгүй болж, өнгөний мэдрэмж буурч, хүүхэн хараа нь өргөсдөг. Тамхины утаа нь нүдний торлог эдийн хэвийн ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, каротин, цайрын хэмжээг бууруулж байдаг. Мөн энэхүү хорлон сүйтгэх ажиллагаанд нүдний салст бүрхэвчийн өвчнөөс хамгаалж байдаг С аминдэм хүртэл өртдөг байна. Нүдний торлог бүрхүүлийг сүйтгэснээр заримдаа засч залруулшгүй үр дагаварт ч хүрч болзошгүй.

Уушиг-Хүний эрхтэн дотроос түүн шиг азгүй, зовлонтой нь бараг үгүй болов уу? Арга ч үгүй биз дээ. Нэг см куб тамхины утаанд 6000 нэгж хөө тортог байдаг. Хүн 30 жилийн турш өдөрт 26 тамхи татахад 10 тэрбум энэхүү нэгжийг сордог бөгөөд түүний тэн хагас нь хүний уушиг, мөгөөрсөн хоолойд үлдэж хоцордог. Идэвхтэйгээр тамхи татах явцад илэрдэг анхны шинж тэмдэг бол мэнгэртэй болох явдал байдаг. Тамхичин хүн өглөө бүр зовлонтойгоор бөгшүүлэх, заримдаа зэгэл саарал цэртэй ханиалгах нь олонтаа. Тамхи татдаг хүмүүс эрүүл хүмүүсээс даруй зургаа дахин их уушигны өвчинд нэрвэгддэг. Бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгаадах нь ихэсдэг. Уушиг нь элдэв төрлийн сүрьеэ, хавдар зэрэг өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгож, эдгээр өвчинд нэрвэгдэх магадлал хэд дахин нэмэгддэг.

Хорт хавдар-Тамхинд дурлаж, улмаар түүний төлөөсөнд авдаг зүйл нь хавдар байдаг. Ихэвчлэн зовлонтой, удаан үхэлд хүргэдэг билээ. Олон жил тамхи татсанаас болж амны хөндий, хоол боловсруулах эрхтэн, ходоод, давсагны хорт хавдартай болох нь элбэг байдаг. Уушгины хавдар үүсгэгч нь тамхины утаанд байдаг төрөл бүрийн амт оруулагч нүүрстөрөгчийн бодисууд юм.

Амны хөндий –Тамхичин хүний ам нь эвгүй үнэртэй, шүд нь шарласан байдгийг хэн хүнгүй мэднэ. Өдөр бүр цэвэрлээд ч нэмэр байдаггүй. Тамхи сорох үед дулааны хэмийн асар их ялгаанаас болж шүдний пааалан гэмтэж эхэлдэг. Шүдний завсар хуримтлагдсан тамхины бохь цааш үргэлжлүүлэн хорт бодис ялгаруулж, хүний биед тархаж эхэлдэг. Ингээд л хоолой, улаан хоолой, уушигны хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Зүрх судасны тогтолцоо-Никотин, бусад хорт бодис нь судас нарийсгах, ялангуяа зүрх, тархины судсуудыг нарийсган даралт ихэсгэдэг. Зүрх гэнэтийн даралтыг тэсч чаддаггүй ба цохилт нь хурдасч, цаашлан судасны цохилт түргэсэж эхэлдэг. Зүрх тайван үедээ хоногт 7200 л цус шахаж, минутад 70 удаа агшиж байдаг бол тамхичин хүний зүрх хоногт 1000-1400 литрээр илүү шахаж, 15-20 хувь илүү агшиж байдаг. Үүнээс үзвэл хөөрхий зүрх ямар ч амралтгүйгээр илүү цагаар ажиллаж байдаг нь харагдаж байна. Олон оронд тамхи татагсдын тоо нэмэгдэхийн хэрээр зүрхний хурц дутагдалд орох явдал ч ихэсч байна.

 Тамхинаас ангижрахын тулд яах вэ?
  • “Үгүй”, “татахгүй” гэж хэлж сур.
  • Тамхи асаах шалтаг бүү гарга.
  • Бусдаас тусламж хүс.
  • Оюун санааны хүчээ ашигла.
  • Хорхойгоо дарах аргыг хэрэглэ.
Зарла-Тамхи татахгүй, бүрмөсөн хаяхаар шийдсэн гэдгээ өөртөө болон найз нөхдөдөө давтан хэл.
Зайлсхий-Тамхи татмаар бол 10 минут хүлээ. Тамхи татах ихэнх хүсэл, хорхой ердөө л 3-5 минут үргэлжилдэг.
Зөв амьсгал-Хоёр юм уу, гурван удаа гүн амьсгал авахад тайвширна.
Зөвхөн шингэн уу-Нэг, хоёр аяга усыг аажмаар шимж уу.
Завгүй бай-Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөрийн дуртай зүйлээ хий.
Залбир, сүсэглэ-Өөрийн дотоод сэтгэлээсээ тусламж хай. Дотроо сүсэглэ, залбир.


Та таргалалтаа хэрхэн хэмжих вэ?


Таргалалтыг тодорхойлох хамгийн энгийн арга нь биеийн жингийн индексийг тогтоох юм.

 Биеийн жингийн индекс (БЖИ). Тухайн хүний биеийн жин, өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-ийг ашигладаг. Гэхдээ БЖИ-ийн үзүүлэлтээр биед агуулагдах өөхлөг эдийн байрлалыг тогтоох боломжгүй юм.Биеийн жин, өндрийг хэмжин дараах томъёог ашиглан БЖИ-ийг хялбархан тооцох боломжтой. БЖИ-ийг олохдоо биеийн жин, өндрийг үнэн зөв, нягт нямбай тодорхойлох шаардлагатай. Тухайн хүний килограммаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.
 БЖИ = Биеийн жин (Кг) : Биеийн өндөр (М2)
Жишээ 1: Биеийн өндөр - 150 см буюу 1.5 метр, Жин нь 54.6 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 54.6 : (1.5 х 1.5) = 54.6 : 2.25 = 24.26               Хэвийн жинтэй
Жишээ 2: Биеийн өндөр – 163.7 см буюу 1.64 метр, Жин нь 76.8 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 76.8 : (1.64 х 1.64) = 76.8 : 2.68 = 28.5                Илүүдэл жинтэй
     
Биеийн жингийн тоон үзүүлэлт ба үнэлгээ

18.5-аас доош кг-Тураалтай
18.5-24.9 кг-Хэвийн
25-29.9 кг-Таргалалтын нэгдүгээр зэрэгтэй
30-39.9 кг-Таргалалтын хоёрдугаар зэрэгтэй
40-өөс дээш кг-Хэт таргалалттай
БЖИ-ээ тодорхойлохдоо:
  •  Баталгаатай жин хэрэглэ
  • Баталгаатай өндөр хэмжигч ашигла
  •  Жингээ өглөө босоод бие зассаны дараа, эсвэл хоол цайны өмнө болон хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжинэ.
Бүсэлхийн тойрог: Энэ хэмжигдэхүүн нь хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож, төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.Төвийн таргалалт нь хүний их бие, хэвлий орчимд хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээгээр тодорхойлогдоно.
 Бүсэлхийн тойргийг хэмжихэд:
  • Эрэгтэйчүүдэд 90 см-ээс бага
  • Эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага
Дээрх хязгаараас ихэссэн тохиолдолд тухайн хүний БЖИ хэвийн байсан ч төвийн таргалалттай буюу халдварт бус өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.
Та хэрхэн жингээ хэвийн хэмжээнд барьж байх вэ?
Жингээ барих хоёр зарчим
  •  Илчлэгийн хяналт: Жингээ хасах хүмүүс хэвийн хэмжээнээс бага илчлэгтэй хүнс хэрэглэх ёстой.
  •  Дасгал хөдөлгөөн: Өөрийн ердийн хөдөлгөөнөөс илүү хурдан хэмнэлттэй дасгалыг өдөр бүр 30 минутаас доошгүй хугацаанд хийх хэрэгтэй.
Жингээ хэвийн хэмжээнд барьж байхын тулд та өөрийн нас, хүйс, эрхэлж буй ажил хөдөлмөрт тохирсон илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Үүний тулд хоногт шаардагдах илчлэгээ мэдэх хэрэгтэй.


Friday, August 3, 2012

Омега-3, 6, 9 өөхний хүчлүүдийн тухай

Омега-3 өөхний хүчлүүд нь нэгэн төрлийн поли-ханаагүй тос бөгөөд бие махбодид нийлэгждэггүй тул тэднийг эссенциал гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр заавал хоол тэжээлээр тэднийг авч байх шаардлагатай.

3 төрлийн омега-3 өөхний хүчлүүд байдаг.

Омега-3 өөхний хүчлүүдийн эх сурвалжууд нь:

Омега-3 өөхний хүчлийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Омега-3 өөхний хүчлүүд нь одоо цагийн эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг хоолны дэглэмийн сөрөг нөлөөг засдаг. Омега-3 өөхний хүчлүүдээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр зүрхний өвчин, цус харвалт, хавдар, БНЛП-ын ихсэлтийн эрсдлийг бууруулах үйлдэлтэй.

Альфа-линолений хүчил нь холестерол, триглицеридийн түвшинг бууруулж, цусны судасны уян хатан байдлыг хангаж, артерид өөхний хуримтлалыг үүсэхээс сэргийлэх замаар зүрхний өвчин болон цус харвалтыг бууруулдаг.

Харин эйкозапентаений болон докозагексаений хүчлүүд нь тархи болон нүдний хөгжилд оролцдог, зүрх, судасны өвчнөөс сэргийлдэг, Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх чадвартай байдаг. АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар эдгээр өөхний хүчлүүдийг өдөрт дунджаар 664 мг хэрэглэж байсан бүлгийн хүмүүст зүрх судасны өвчний тохиолдол 40%-аар буурч, бусад үхэлд хүргэдэг бүх эмгэгүүдийн эрсдлийг бууруулж байжээ.
Омега-6 өөхний хүчлүүд

Омега-6 өөхний хүчлүүд нь поли-ханаагүй тос бөгөөд хүний биед нийлэгждэггүй тул эссенциал өөхний хүчлийн ангилалд хамаардаг. Тийм ч учраас омега-6 өөхний хүчлийг мах, тахиа, өндөг, самар, ургамлын тоснуудаас авч байх хэрэгтэй.

Омега-6 өөхний хүчлийн 2 төрөл байдаг:

Омега-6 өөхний хүчлүүдийн дараах эх сурвалжууд байдаг.

Омега-6 өөхний хүчлүүдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Ихэнх омега-6 өөхний хүчлүүдийг бид ургамлын тосноос авч байдаг. Линолейн хүчлийг ихээр хэрэглэхэд үрэвслийг өдөөж, зүрхний өвчин, хавдар, багтраа, артрит, сэтгэл гутралд хүргэдэг.
Омега-3 болон омега-6 өөхний хүчлүүдийн тэнцвэрт байдал

Омега-3 болон омега-6 өөхний хүчлүүдийг тэнцвэртэй байлгах нь эрүүл мэндэд их ач холбогдолтой. Тэнцвэргүй хэрэглээ, омега-6-ийн хэмжээ ихэссэн тохиолдолд үрэвслийг дэмжиж олон эмгэгт хүргэдэг. Эрүүл хоолны дэглэм нь омега-6 нь омега-3-аас 2-4 дахин их хэмжээтэй байх хэрэгтэй. Харин Хойд Америкийн хоолны дэглэм нь омега-6-г омега-3-аас 11-30 дахин их хэмжээгээр агуулсан байдаг. Тийм ч учраас омега-6 нь олон үрэвсэлт эмгэгийг үүсгэдэг.
Омега-9 өөхний хүчлүүд

Омега-9 өөхний хүчлүүд нь ургамал болон амьтны гаралтай тосонд ихээр агуулагддаг ханаагүй тос юм. Энэхүү моно-ханаагүй тосийг омега-9 гэж нэрлэсний учир нь дээрхтэй адил давхар холбоо нь омега төгсгөлөөс 9 дэх нүүрстөрөгчийн атомд байрласан байдаг. Энэ нь олейн хүчил нэртэйгээр канола, наранцэцэг, олив болон самрын тосонд агуулагддаг. Гэхдээ омега-9 нь хүний биед нийлэгжих чадвартай байдаг ч хоол хүнсээр авах нь эрүүл мэндэд ач холбогдолтой байдаг.

Омега-9 өөхний хүчлийн гол төлөөлөгч нь олейн хүчил юм. Олейн хүчил нь канола, наранцэцэг, оливийн тосны найрлагад агуулагддаг.

Омега-9 өөхний хүчлүүдийг моно-ханаагүй өөхний хүчил гэж нэрлэдэг бөгөөд зүрх судасны өвчний, цус харвалтын эрсдлийг бууруулдаг. Эдгээр өөхний хүчлүүд нь сайн холестерол буюу их нягттай липопротейд холестеролыг ихэсгэж, муу холестерол болох бага нягттай липопротейд холестеролын хэмжээг бууруулж, артерийн хананд атерома буюу атеросклерозын товруу үүсэхээс сэргийлдэг.

Омега-3, 6, 9 өөхний хүчлүүд нь биед өөр өөр үүрэгтэй хэдий ч тэнцвэртэй хэмжээгээр бие махбодыг эрүүл байхад тусалдаг.