Wednesday, January 25, 2012

Чихрийн шижинтэй өвчтөний өөрийн хяналт Part 5


Чихрийн шижинтэй өвчтөний өөрийн хяналт

  • Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм.
  • Эмч, өвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна.
  • Өндөр мэргэжил мэдлэгтэй, олон жилийн туршлагатай эмчийн хяналтад байдаг өвчтөн нь эмчийн зөвлөлгөөг дагахгүй байвал үр дүнд хүрч чадахгүй.
  • Чихрийн шижинг сайн хянахын тулд та дараах зүйлүүдийг өөрөө хийж чадах шаардлагатай. Үүнд:
    • Цусны  глюкозын хэмжээг тогтмол хянах.
    •   Өдөр бүр хөлөө шалгах.
    • Долоо хоногт 5 удаа дасгал, хөдөлгөөн хийх
    • Хоолны нарийн дэглэм дагаж мөрдөхийг хичээх.
    •  Өдөр бүр шүдээ сойздож угаан утсаар цэвэрлэх
    • Тамхи татахгүй байх
    •   Архи болон согтууруулах ундааг хязгаарлах.
    • Эмийг зааврын дагуу хэрэглэх.
    • Цусны даралтаа үргэлж хянах.
    • Эмчийн хяналтад тогтмол байх

1.    Цусны глюкозын хэмжээг тогтмол хяна
Тэмдэглэл хөтлөөрэй.
Таны хүрэх зорилтот хэмжээ:
    •   Өлөн үеийн цусны сахар -6.0ммоль/л
    •   Хооллосноос 2 цагийн дараа -8.0ммоль/л

2.    Хоол болон хөдөлгөөний дэглэм баримтлан биеийн жингээ хянах
Та илүүдэл жингээсээ салах төлөвлөгөө зохиож, жингээ хянах нь ирээдүйд гарч болох олон хүндрэлээс сэргийлдэг. Таны тохиромжтой жин хэд байх талаар эмчтэйгээ зөвлөөрэй. 

3.    Цусны даралтыг тогтмол хэмжиж байх
Таны цусны даралт 140/85-с доош байхыг зөвлөдөг. Иймд та даралтаа хэрхэн хянах талаар эмчтэйгээ зөвлөөрэй.

4.    Хөлөө өдөр бүр шалгах
Чихрийн шижин хөлийн цусны урсгал, мэдрэлийг гэмтээж өөрчилдөг учраас таны хөл хүрэлцэх, халуун хүйтэн, өвдөлт, даралтыг мэдрэх байдал нь өөрчлөгддөг. Жижиг шарх ч том хүндрэлд хүргэж болно. Хэрвээ танд өвдөлт, бадайралт гэх мэт өөрчлөлтүүд илэрсэн бол эмчид хандаарай.

    •  Та өдөр бүр хөлийнхөө өнгө өөрчлөгдөх, арьсан дээр цэврүү, зулгаралт гарсан эсэхийг шалгах хэрэгтэй. Өсгийг толь барьж шалгаарай.
    •   Хөлөө шархлахаас хамгаалж, хөл нүцгэн битгий яв
    •   Хуурайшилт болон зулгаралтаас сэргийлж хөлөндөө чийгшүүлэгч тос түрх. Харин хуруунуудын завсар түрхэлгүй үргэлж хуурай байлга
    •  Хумсыг дугуйлж биш тэгш хөндлөн ав. Авахдаа хурууны үзүүртэй тэнцүүлж авна.
    •   Та хөлийнхөө хэмжээг сайн мэдэж өөртөө тохирсон гутлыг сонго.
    • Хөвөн шигамьсгалдагоймс өмс. Хөлөө үргэлж хуурай байлга.
    • Онгорхой, эсвэл хөлийн хуруу барьсан гутлаас татгалз. Намхан өсгийтэй гутлыг сонго.

5.    Амны хөндийн эрүүл ахуйн дэглэм сахих
Цусанд сахар өндөр байх нь амны хөндийн халдварт өртөмтгий болгодог. Халдварын улмаас буйл өвчлөх нь шүд унах шалтгаан болж болно. Түүнчлэн буйлны өвчлөл нь зүрх ба цусны эргэлтийн тогтолцоонд нөлөөлнө. Цэвэршсэн эмэгтэйд амны хөндийн эрүүл ахуй өөрчлөгддөг.
Зөвлөмж:
    •   Хоол идсэний дараа болон унтахын өмнө шүдээ сойздож угаа
    •  Өдөр бүр шүдээ утсаар цэвэрлэ.
    • 3 сар тутамд шинэ шүдний сойз хэрэглээрэй
    •  Шүдний эмчид үзүүлэхээс өмнө хоол идэхгүй байж болохгүй. Үзлэгийг хоолны дараа төлөвлөхийг хичээ.
    • Шүдний эмчийн үзлэгт жил бүр хамрагдаж байх

6.    Тамхи татахгүй байх
Тамхи татах нь хүн бүрийн эрүүл мэндэд хортой боловч чихрийн шижинтэй хүний хувьд тамхи татах нь онцгой аюултай. Тамхи татах нь цусны судсыг нарийсгаж, биеийн бүх хэсэгт урсах цусны урсгалын хэмжээг бууруулна. Хөлийн хүндрэл, бэлгийн үйл ажиллагааны хямралд хүргэхэд нөлөөлөх ба тамхи татсанаар цусны даралт ихэсч улмаар нүд, бөөр, зүрх, цусны судсыг гэмтээнэ. Тамхи татдаггүй өвчтөн чихрийн шижингийн хүндрэлүүдээр 20 жилийн дараа хүндрэх магадлалтай байдаг бол тамхи татдаг өвчтөн 5-10 жилийн дараа уг хүндрэлээр хүндэрдэг.

Зөвлөмж:
    •  Тамхи бүү тат
    •  Хэрэв тамхи татдаг бол тамхиа хая
    •   Хэрэв та урьд нь татаж байгаагүй бол эхлэх хэрэггүй
    • Тамхитай орчноос зайлсхий
    • Амжилт олоогүй байсан ч тамхиа орхих оролдлогоосоо бүү няцаарай.

7.    Архи болон согтууруулах ундааг хязгаарлах
Эмч болон сургагч багштайгаа согтууруулах ундааны тухай ярилцаарай. Зарим хүнд өдөрт 1-2 хундага уух нь зөвшөөрөгддөг боловч чихрийн шижинтэй өвчтөнд энэ нь ноцтой хүндрэлийн шалтгаан болж болно.
Зөвлөмж:
    • Архи согтууруулах ундааг бүү хэрэглэ

8.    Арьсаа арчлах
Зөвлөмж:
    •  Арьсны ил хэсгийг зүсэгдэх, түлэгдэх, цохигдохоос хамгаал
    • Зүсэгдсэн, хазуулсан, түлэгдсэн шархыг антибиотиктой тос ба цэвэр боолт хэрэглэн хурдан хугацаанд эмчил
    • Хэрэв танд улайх, хавдах, өвдөх зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүл
    •   Хөл нүцгэн явахаас зайлсхий
    •  Арьсаа халхлан, хорхой шавьж дайжуулах бодис хэрэглэн хорхой шавьжинд хазуулах, хатгуулахаас сэргийл

9.    Аяллын зөвлөгөө
Та аяллаа сайн төлөвлөсөн үед чихрийн шижинтэй ч гэсэн найдвартай, аюулгүй аялж чадна.
Зөвлөмж:
    • Инсулин, глюкометр болон хэрэглэж буй эмүүдийг биедээ авч яв
    • Өөрийн хэрэглэж байгаа эм ба бусад хэрэгслийн жагсаалтыг авч яв
    •  Машин барихын өмнө цусны сахараа хяна
    •  Эмч, сургагч багшаасаа цагийн зөрөөтэй бүсэд хоол, инсулин, эмийн хэрэглээнд гарах өөрчлөлтийн тухай асуугаарай
    • Эмчээсээ таны авч явж байгаа бүх эмийн жор найрлагыг, эмийн олон улсын нэршилийг багтаасан эсэхийг асуу
    • Нисэхээсээ хамгийн бага нь 24 цагийн өмнө зорчигч тээврийн үйлчилгээ рүү утасдаж инсулин, чихрийн шижингийн эм бэлдмэл хэрэгслийг тээвэрлэх журмын тухай асууж, мөн шаардлагатай тохиолдолд тусгай хоол захиал
    • Инсулин болон сахар бууруулах эмийг байнга өөртөө авч яв. Мөн түргэн үйлчилдэг сахарын бэлдмэл, зууш авч яв.
    •   Бүх эмийг шошготой нь хамт хайрцаг ба шилэнд хадгал
    • Инсулинийг сэрүүн газар хадгал. Түүнийг хөлдөхөөс хамгаал
    •  Глюкометрийг шинэ хатгууруудын  хамт авч яв. Бүх хатгуурууд тагтайгаа байгаа эсэхийг шалга
    • Хэвийн хооллолт, эмчилгээний дэглэм баримтла.